COVID19 цар тахлын улмаас зарласан хатуу хөл хорио, удаа дараагийн тодорхойгүй шийдвэрүүд нь бизнес эрхлэгчид, зарим аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, ажлын байраа цомхотгохоос аргагүй байдалд хүргээд байгаа билээ.
Тэгвэл хөл хорионы энэ үеийг ашиглан зарим компаниуд чанарын менежментийн тогтолцоогоо сайжруулах, стандартуудыг нэвтрүүлэх ажлуудыг дотооддоо хийжээ. Өнгөрсөн онд гэхэд Монсертф компани 120 ААН, Стандарт хэмжилзүйн газар 120 ААН, ОУ-аар баталгаажуулсан гээд нийтдээ 500-аад ААН менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн хэмээн Монсертф компанийн ерөнхий захирал Г.Билгүүн дурдав.
Үндэсний итгэмжлэлтэй тохирлын үнэлгээний байгууллага болох Монсертф компани 2021 оны эхэнд монголдоо анхдагч бүх төрлийн автомашин, тоног төхөөрөмж, барилга байгууламжийн шүүлтүүрийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг Альфа филтер компанийн Олон улсын чанарын тогтолцооны ISO9001:2015, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийн тогтолцооны ISO45001:2018, байгаль орчны менежментийн ISO14001:2015 стандартуудын баталгаажуулалтын гэрчилгээг гардууллаа.
Альфа филтер компанийн хувьд энэхүү стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр ОУ-ын тодотголтой болохын зэрэгцээ Монголынхоо нэр нөлөө бүхий компаниудын эгнээнд нэгдэн илүү найдвартай, итгэж болох бизнесийн түнш гэдгээ баталгаажуулж, Монголын бизнесийн орчинд ч бас чухал нөлөө бүхий компани болж байгаа гэдгийг “Альфа филтер” ХХК –ны Гүйцэтгэх захирал А.Хэрлэнбаатар онцоллоо.
‘’Альфа филтер’’ ХХК нь бүх төрлийн шүүлтүүр үйлдвэрлэлийн салбартаа анхдагч бөгөөд 2013 оноос эхлэн олон улсын стандартын шаардлагыг хангасан түүхий эд материалаар бүх салбарт ашиглагдаж буй тоног төхөөрөмжийн агаарын шүүлтүүр, бүх төрлийн авто машины агаар, тос, түлш, гидрийн шүүлтүүрүүдийг эх орныхоо хэрэглэгчдэд хямд үнээр, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэгч үндэсний үйлдвэрлэгч юм.
2020 оны байдлаар монгол улсын дотоодын нийт хэрэгцээний 10 орчим хувийг дангаараа ханган нийлүүлж, нийт бүтээгдэхүүний төрлөөс хамааран жилд дундажаар 300-500 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд дэлхийд өрсөлдөхүйц брэндийг бий болгох эрхэм зорилго тавин ажиллаж байгаа ажээ.